Гал үхэх аваас агаар төрөх болой.
Агаар үхэх гэдэг нь ус төрөх болой.
Энэчлэн шороо үхэхэд ус төрж,
ус үхэхэд агаар төрдөг.
Агаарын үхлээс гал амилдаг.
Гераклит






Ертөнц ойлгогдошгүй,
амьдрал утга учиргүй бөгөөд
Утга учиргүй бол 
ертөнцийн тухай бидэнд өгсөн
цорын ганц өгөгдөхүүн.
Камю


Хоосон гэгч ертөнц
Ертөнц гэгч хоосон…
…Эцэстээ хоосон чанараас биш бүхнийг
Худал хэмээн таниарай!
Равжаа 

Бүх зүйл хоосноос хоосон
Юуг ч хийх нь дэмий бөгөөд,
салхийг барихыг оролдох мэт үр дүнгүй.
Соломон






-Чи өмнө нь хэн байснаа санадаг уу?
-…
-Юунд дуртай байсан. Юуг мөрөөдөж, юуны төлөө амьдарсан бэ?
-…
-Хэнийг хайрлаж, хэнийг үзэн ядаж, хэрхэн үхсэнээ мэдэх үү?
-…
-Яаж ч хичээгээд санахгүй байна уу?
-…
-Үгүй гэж үү?
-…
-Тэгвэл чи энэ бүхнийг санахгүй байгаадаа харамсдаг уу?

Одоо чи юуг хүсэж мөрөөдөж, юунд тэмүүлэн амьдарч байна?
Чи хэдэн настай вэ? Энэ бүх он жилүүдэд хичнээн дурсамж хуримтлуулсан бэ?
Мартаж болохгүй тийм чухал хэн нэгэн чамд байгаа юу?
Мартахыг хүсэхгүй байгаа хором мөчүүд бий юу?
Үхсэн ч энэ бүгдээ санасаар л баймаар байна уу?
Хэн байсан, юу хийж бүтээсэн гээд л…

Чи өмнө нь хэн байснаа санаж байна уу?
Санахгүй байгаадаа одоо харамсаж байна уу?
Хэрвээ бид ахин төрдөг бол, өмнө нь амьдарч байсан бол, төрөл ахин, улам гэгээрдэг нь үнэн бол яагаад бидний санах ойг шат бүхэнд ингэж хоослох хэрэгтэй юм бол? Тэгвэл хамгийн оргилд хүрэхэд бидний саванд юу байх нь ойлгомжтой. Хоосон.
 Эхлээд чи хөөсөн чихрэнд дуртай байсан уу? Дараа нь хөөсөн чихэр тийм ч чухал биш санагдсан байх тийм үү? Илүү сайхан зүйлүүдийг мэдэх тусам өмнөх сайхан нь юу ч биш болсоор байна уу? Сүүлд олсон сайхан нь өмнөх сайхнаа үгүй хийсээр л байгаа биз? 20 жилийн өмнө уйлаад дайрчихдаг байсан хөөсөн чихэр чинь одоо хэнд ч хэрэггүй хог болсон уу? Энэ мэт чамд чухал санагдаж байсан зүйлс чухал биш болсоор хамгийн сүүлд хэдхэн зүйл л үлдсэн байх тийм үү? Ихэнх нь хог болсоор яваандаа бүх зүйл утга учраа алдана.
Юу ч амттай санагдахгүй. Юунаас ч таашаал авахгүй болно гэж бодож байсан уу?
Тэр үед энэ бүх ахуй, аахар шаахар зүйлүүдийн үнэ цэнэ ямар түвшинд очих бол?
Бүхий л амьдралынхаа туршид чиний цуглуулсан зүйлүүд аль вэ?
Би материаллаг зүйлийн тухай ярьмааргүй байна.

Хүний хамгийн чухал мөн чанар нь юу вэ? Хайр уу? Магадгүй хүний хамгийн нандин бүхэн үүн шиг хийсвэр зүйлүүд байх тийм үү? Тийм чухал, тийм нандин матераллаг зүйл байхгүй гэдэгтэй санал нийлэх үү? Урлагийг хэн матераллаг гээд хэлчихэв ээ?
Эхлээд чи хөөсөн чихрэнд дуртай байсан уу? Бүх зүйл үнэ цэнээ алдсаар эцэст нь магадгүй оюунлаг, гэгээрэлд ойртсон тийм зүйлүүд л хэвээрээ үлдэх байх.
Эцэст нь нэг зүйл асууя. Хоосонд юу багтах вэ?


Эх сурвалж: Батзаяа-н блог