>

Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй гэж Монголчуудаас минь өөр хэлж чадсан үндэстэн гэж байдаг болов уу? 
Энэ насны амьдралдаа аз жаргалтай, харамсалгүйгээр амьдрах гэсэн хүсэл хүн бүрт байдагийг би дурдаад түвэг биз. Ямартай ч захидлын эзэнд энийг хүргэснийхээ төлөө би баяртай байх болно.
Охиндоо бичсэн захидал
Хээрийн зээр шиг нутаг алгассан
Хэнзхэн охин минь чамдаа
Алсын алс уулс давуулан
Аав нь энэхэн захидлыг бичиж сууна
Хамгийн сүүлд явуулсан захианд
Урьдынх шигээ хариу алга л байна
            Хадан гэрийн хаяа ойртовч
            Үр хармын сэтгэл буцсангүй
            Буурал европын хөгшинг дагаад
            Буянт-Ухаагаас ниссэнээс чинь хойш
            Хан уулын цэцэгс дөрвөнтөө ургаж хагдран
            Хатан туулын ус дөрвөнтөө гэсч хөлдөн
            Чиний минь багадаа ёолуулан гүйж байсан
            Намрын навчис дөрвөнтөө гөвөгдсөөр
Одоо өвлийн салхи хаалга тогшин
Орчлонд шинэ шинэ өдрүүд айсуй
Харин аав нь хөгширсөн байна
Хамбан дээл шигээ хуучирсан байна
Санчиг үс минь бууралтсан байна
Санаагаа гүйцэж бие дийлэхээ байлаа
Хорин таван намрын өмнө чамайг
Хотын төрхөөс ээжийн чинь шарилтай тоссон юм
Диваажингийн хаалга буянтанг даллан онгойхдоо
Охины минь амиар эхийнх нь насны тоог сольсон юм
            Аав үр хоёр ингэж уулзсан юм
            Амьдрал үхэл хоёр тэгж давхцсан юм
            Охин минь чи харин миний нар байлаа
            Идэр ес шиг орчлонгийн шуурганд
            Эцэгтээ илч өгдөг дулаан нар байлаа
            Охин минь чи бас гэрэл гэгээ минь байлаа
            Хагацалд сохорсон сэтгэлийг минь чиглүүлж
Харанхуй шөнө шиг он жилийн сүүдэрт
Эцэгтээ итгэл хайрладаг гэрэл гэгээ байлаа
Уураг сүүгээ ч амлаж чадаагүй
Улаан цурав зулзагаа тэврээд
Эхийнх нь булшны хөлд зогсохдоо
“Эцэг надаас урсах бүхий л хайраа
Энхрий үрд чинь зориулна” гэж тангарагласан юм
            Бурхны оронд завилах ханийхаа сонорт
            Хүрээсэй гэсэндээ чанга хэлсэн
            Буцаж ирэхгүй он цаг
            Ямар зовлон бэлдсэнийг тааж ядахдаа
            Эр харам нулимсандаа зангирч андгайлсан
Учраа мэдэхгүй багад чинь
Унтах нойроо мартаж
Мартах ч гэж дээ
Угаасаа л чи миний нойрыг
Уйлах дуугаараа үргээдэг байлаа
            Жихүүн амьдрал надад хатуурхсан ч
            Живхний чинь үнэрт жаргадаг байсан
            Үрэгдсэнийхээ хойноос өр минь өмөрч
            Үлдсэнийхээ төлөө сэхдэг байсан аав нь
Хойд эхийн хатуу гарт
Хонгор чамайгаа өгөхгүй гэхдээ
Хоёр биетэй юм шиг зүтгэсэн
Хоног өдрийн уртыг туулсан
            Ангийн охид нүүрээ будлаа
            Алимаагийн утасны гоёыг ээ
            Алтан ээмэгний минь шигтгээ гэсээр
            Аль л өнгөтэй болгоныг
            Зүүхийг нь зүүж идэхийг нь идэж
            Зөндөө ихээр үрсээн
Тиймээ охин минь чи сана даа
Аав нь чамд “үгүй” гэж хэлсэнсэн билүү
Газрын энгэрт байгаа чамайг байтугай
Тэнгэрийн диваажин дахь ижийг чинь инээлгэн би авч өгсөн
Заасан болгоныг чинь тэврүүлчихээд
Инээд алдан хөөрөхийг чинь хараад
Ижийд чинь өргөсөн тангарагтаа бардам байлаа
Үд дундын нарыг дайрсан
Үүлэн сүүдрээс харамлаж өсгөсөн болохоор
Үнэхээр охин минь чи эрх
Үгийн хатууг чихэнд чинь хүргэлгүй
Үйлийн зовлонг биед нь тохолгүй өсгөсөн болохоор
Үр минь чи дэндүү танхил
Бүтэн орчлонгийн цагаан жамаас тойруулж
Бүгээн амьдралын халаас төөрүүлж
Бурхны гэгээн мэлмийгээс ч нууж хайрласан
            Амин гол минь чи байсан
            Ядуу байхгүйн зовлонг үд минь
            Ямх ямхаар өсөхдөө үзээгүй
            Зөн совингийн хараас холдуулж
            Зүүдийг чинь хүртэл би жаргалтай манасан
Залуу насныхаа аз жаргалыг
Залуу биеийнхээ хүч тэнхээг
Охин чамд би зориулсан
Омголон сэтгэлээ дарж чамайг өсгөсөн
            Харин чи өөр өссөн
            Хар ажлын хүнийг үзэн яддаг
            Хамар амаа дарж ярвайдаг
            Харамч, хахирган болж өссөн
            Гутлынх нь хоншоорыг гишгэсэн хүүхдийг
            Гуйлгачин, золбингоор нь харааж
            Дэргэдээ суусан эмгэнийг
            Дэндүү заваанаар нь зүхэж
Голоо тасалж чиний төлөө зовсон
            Аав л ээжээсээ өөр болон өссөн
Санаж байнаа, чи сайхан монгол залуусыг голж
Сартай үдшээр гэрээсээ хөөж
Салж, хаяж байсныг чинь
Өнгө мөнгөний орчлон, бас аав нь
Өнчин охиноо эвдсэн юм
Өлөн хонуулж ганц удаа үзээгүй минь
Үнэт эдлэлийг нь гэртээ үлдээгээгүй минь
Мөнгөнд шунах хүслийг нь хорьж
Сувдан нулимсыг нь хараагүй минь
Гай болж чөтгөр шүглэж
Ганц охиныг минь танихгүй хүн болгож
Бурхны оронд ижийг нь өргөчихөөд
Бузрын шуналд охиноо алдав
Монгол эрчүүдийн түрийвч нь дундхан ч
Мориор туулж баршгүй тал шигээ уужим сэтгэлээр
Чамайг минь хайрлахыг ч тоогоогүй
Хоосон хайраар хоол хийхгүй ээ гэж
Тас ширвээд орхихыг чинь би харж байсан
Эцэг хайр, ээж хайраар дутаагаагүй ч
Эх орноо хайрлах хайрыг
Эцэг чинь чамд өгч чадалгүй
Энэ орчлонгийн шуналд алдсан байна
Гэхдээ чамаас би өршөөл гуйхгүй ээ…
Гэрэл цуулж одсон ханиасаа л өршөөл эрнэм…
Чийгтэй бүгчим харийн хотоор зугаалж явахдаа
Чи минь нэрнийхээ утгыг бодож байв уу
Хайчилсан үнэгээ бариад сууж байхдаа эцэг чинь
Хамгийн түрүүнд нэрийг чинь бодож билээ
Хаан заяат Галдан Бошигтийн
Хатан заяат Ануг санаж
Ууган бөгөөд цорын ганц
Удмын минь сүүлчийн хүн чамд
Учирлаж баруун чихэнд нь гурвантаа шивнэсэн юм
Баруун Ойрадын үзэсгэлэн гоо, ухаант хатан шиг
Өрөвч нинжин, ариун үйлст байгаасай гэсийм
Гэвч чи минь тийм байж чадсангүй
Хайрт нөхрөө оргуулж босгоод
Өөрөө илд агсан манжийн цэрэгтэй тулсан
Эрэлхэг зоригт Ану битгий хэл
Энэ цагийн жирийн бүсгүй шиг байж чадсангүй
Эцгийнхээ нарыг бөхөөж тэргэнцэр дээр орхиод
Танихгүй эрийг даган одсон
Эргэн даллах ч үгүй онгоцонд сууж
Эцгийгээ, ээжийнхээ шарилыг хадгалсан
Эх орноо чи үүрд орхисон
Эд мөнгө хангалуун амьдралаар сольсон
Газарт даллаад үлдсэн хүмүүсээс
Тэнгэрт нислээ гэж чи хөөрсөн байх
Ганцаараа чи нисээгүй л дээ
Онгоц дүүрэн хүн явсан
Тэр дунд ганцхан чи л
Хэзээ ч эргэж ирэхгүй гэж шивнэсэн байх
Хувцастай цүнхний чинь ёроолд
Хонгор багын чинь бойтогны хонх
Аав ээж хоёрынх нь тоглож өссөн
Алаг дэнжийн атга шороо бий
Хогийн савруу шидчихээгүй бол
Эх орон, эцэгтэй чинь холбох
Монгол хүн гэдгийг чинь сануулах
Өчүүхэн сэжим бий Ану минь
Хөрөнгөөр хахсан баян эрээ сугадаад 
Хөх толботой эрлийз хүүгээ дагуулаад
Хөгшин Европын манант гудамжаар
Мөнгөөр тогтсон гунигт амьдралыг

Хайр гэдгийг мэдрэлгүй туулах жаргал байлаа гэж үү 

Чиний судсанд Монгол цус урсаж
Цээжинд чинь Монгол зүрх цохилж
Сэтгэлийн чинь мухарт Монгол дуу
Сэм сэмээр эгшиглэж байгаа охин минь
Чи минь багадаа од тоолох дуртай байсан сан
Бяцхан хуруугаараа зааж байгаад л тоолдогсон
Мэддэг бүх тоогоо дуусчихаад
Надад туслаарай гэж гуйдаг байсан сан
Одоо тэр бүх од мичид
Орой дээрх тэнгэр хүртэл бүтэн харагдаж байна уу
Долоон бурхан од энэ гээд
Дорно өрнийн цустай хүүдээ зааж чадав уу
Замын хол газрын алсыг туулж
Захидал очиход аав нь алга болсон байна
Зангирсан нулимсыг чинь арчиж өгөх танил хүн
Замбуулингаас тэгэхэд үүрд явсан байна
Харин унагах нулимсыг чинь
Хатаалгүй халуунаар нь тосох Эх орон чинь
Орчлонгийн цээжин дээр оршсоор л байна
Овор даруухнаар оршино оо охин минь
Энэрэлийн мянган бурхны нулимсаар бэх зууравч
Эх орончдын цусаар захидхл бичлээ ч
Энхрийн охин минь чи ирнэ гэж үү
Элбэг хайранд л эх орон чинь тогтдогийм
Сарны цагаан цацрагнаас тасдаж үлдээсэн
Сайхан ижийн чинь сэвлэг гэзгийг атгаад   
Булшных нь хөлд сууж бичлээ үр минь
Бурхны нулимс шиг ариухан эх нутгийнхаа
Хөрс шороогоор аравнайлж

 

Хөвөх салхинд нь ганхаж
Хөгшин биенийхээ тэнхээг шавхан бичлээ үр минь
Аль эрт диваажинд заларсан ээждээ биш
Араас нь одох муу эцэгтээ биш
Азийн цээжинд залрах Монголдоо ир
Амраг үнэн ч сэтгэлээр хайрлах
Монгол эрийн ханхар цээж рүү
Хошуугаа дэвсээд ирээ
Мичдийн дор мөнх нойрсох
Ижийнхээ шарилд мөргөөд ир
Сар сарны цацрагт их талдаа
Салаа багынх шигээ гүйгээд ир
Иргэн нь болсон Монгол орондоо
Үр чинь ирлээ гээд гуйгаад ир охин минь
Ээжийн амилсан гэгээн сүнс минь
Эцгийн хайрласан амин гол минь
Эх орноосоо төөрсөн
Эрх танхи зээрхэн минь…