>

Монгол улс Манжийн дарлалд нухлагдан байсан хүнд хэцүү цагт гэнэ. Манжийн нэгэн түшмэл эзэн хаандаа ажил хэрэгч, ухаалаг түшмэл болж харагдах гэж ихэд хичээдэг байжээ. Хаандаа тоогдохыг хүссэн ихэрхүү түшмэл Монгол нутгийн Цагаан уулыг эзэмшил газраа хэмээн өмчлөхийг оролдож, ичгүүр сонжуургүй аашлах болжээ. Үүнд эгдүүцсэн Халхын мэргэн То Ван:
– Энэ уул яг нэг үхрийн ширний хэмжээтэй. Үхрийн ширний хэмжээнээс илүү гарсныг нь та ав даа. Хэрэв танай манай хоёр айл хөрш болон амьдрахад хүрвэл манай нохой идүүртэй хоолноосоо танай нохойд долоолгохгүй л байх шүү гэжээ.

Далд утгатай нэ үгийн учрыг нь олж ядан гайхаж мухардсан манж түшмэл:
– Хичнээн том үхрийн шир байлаа ч гэсэн бүхэл бүтэн уулнаас юу хороож чадах билээ. Ийм тэнэг хүн яаж яваад Вангийн зэрэгт хүрсэн юм бол хөөрхий. Манай эзэн хаан, ихэс дээдсүүд ийм тэнэг Монголчуудын юунаас нь тэгтлээ айн, болгоомжилдог байнаа? Өнөөх айхтар эр зориг, цэцэн цэлмэг ухаан нь тэгээд энэ юм гэж үү дээ? Би энэ уулыг гартаа оруулах нь тодорхой боллоо. Тэр цагт миний хичээл зүтгэлийг хаан эзэн минь өндрөөр үнэлэх буй за хэмээн сэтгээд: 
– За тохирлоо шүү. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж танай ардын цэцэг үгийг та өөрөө юу эс андах билээ. Энэ уулнаас ердөө нэг үхрийн ширний хэмжээтэй нь танай газар, илүү нь бүгд манай газар болно шүү гэв. Ингээд гурав хоногийн дараа уулзаж Цагаан уулыг хувааж авахаар болж гэнэ. 
     Мэргэн То Ван том эр үхрийн ширийг тойруулан хурц хутгаар утас шиг нарийхан болгон зүсүүлж маш урт сур бэлдэн, хатаж агшихаас нь сэргийлэн усанд хийн хадгалжээ. Ингээд болзсон өдөр ч ирж, тэд ч уулзаж гэнэ. Мэргэн То Ван манж түшмэлд хандан:
– За, та сайн хараарай гээд урт сураа хөврүүлэн явсаар Цагаан уулыг битүү цагираглан хүрээлэхэд цаана нь хоёр алд хэртэй үлүү гарчээ. 
     Тэгэхэд нь То Ван:
– Манай уулнаас нилээд хэсгийг нь хулгайч авсан байна. Олон жилийн өмнө аав минь эзэн хаанд бэлэглэхээр зэхсэн алтаа энэ ууланд нуусан гэдэг. Гэтэл алт  нуусан яг тэр хэсэг нь алга болсон байна. Та тэр их алтыг хулгайлан аваад дахин алт олох гэж шунахайрч байгаа юм байна. Энэ уулыг манай уул гэж зарга үүсгээд байсан нь ийм учиртай байх нь ээ. Би таны тухай хаан эзэнд чинь зарга мэдүүлэх болно доо гэж ширүүхэн хэлж гэнэ.
     Гавъяа, шагнал хүртэх нь бүү хэл хулгайн хэрэгт сэжиглэгдэн ял шийтгэлд унах аюул тулгарсанд тэвдэж сандарсан манж түшмэл:
– Үгй ээ, тэнгэр угсаат түшмэл би юу дутсан гэж хулгай хийх билээ. Тэр алтыг лав өөр муу хүн авсан байх. Тэр муу хулгайчийг л барьж цээрлүүлэх хэрэгтэй шүү гээд То Ванд мөнгөн ембүү хоёрыг бариад яарч сандран буцсан гэнэ. Мэргэн То Ван эр зориг гарган, ухаан сийлж нутгийн уулаа харийн түшмэлд алдалгүй авч үлдэж чадсан учир тэр уулыг ухаант вангийн нэрээр буюу Мэргэн То Вангийн Цагаан уул гэж нэрлэх болжээ. Он цаг улирахын хэрээр Мэргэн То гэдэг нь орхигдон Вангийн Цагаан уул болон өөрчлөгдсөн гэнэ.
Өдгөө энэ уул Дорнод аймгийн нутагт бий.