>

Дунд сургуулийн бага ангид байхдаа тоондоо мундаг гэж магтуулдагсан. Тоо гэж гоё зүйл шүү дээ. Ердөө 0 оролцоол аравхан цифр. Хичнээн ч олон оронг бичиж болно. Бас тооцоолж болно. Бүх зүйл тов тодорхой. 2+2=5 гэж хэн ч баталж чадахгүй болохоор маш хялбар. Бүүр хялбарчлаад хүрд хүртэл байна. Хүүхэд нас яг энэн шиг аз жаргалтай тодорхой хэв маягтай. Тухай бүр өөрт тэнэг санагдах зүйлс олон тохиолдож байсан ч өнөөх л 2+2=4 тоон дотор л эргэлдэж байгаан. Би аавтай хамт явна, ээж намайг цасан дээр тоглуулахгүй байна, тэнд маруужин харагдаад байхад ерөөсөө авч өгөхгүй юм гэх мэт асуудлууд 2+2=4 дотороо л эргэлдэх шиг тов тодорхой хариултуудтай. Аав чинь ажилдаа явж байгаа, цасан дээр нүцгэн тоглуул ханиад хүрнэ, мөнгө байхгүй учраас маруужин авч чадахгүй гэх мэт.
Анги дэвших тусам асуудал ээдрээтэй болж эхэлнэ. Тоо бодох томъёо хүртэл асуудалтай /(А+В)(A+B)=А*А+2АВ+В*В/ болох жишээтэй. Энэ бол үл мэдэгдэгч буюу хувьсагч гишүүн. Энэ А болон В-н оронд ямар ч тоо байж болзошгүй. Нөгөө арван цифрийн чинь аль нэг нь. Гэхдээ хэмжээг энд дурдахгүй. Хэдэн ч оронтой, хэдэн ч бутархайтай, бүүр төгсгөлгүй бутархайтай ч байж магадгүй. Гэхдээ эцсийн шийд буюу хариу нь олдоно. Тэр бол өнөөх л 10 цифрийн нэг.

Ээж аав хоёр ч одоо надаа зааж өгнө гэж барахгүй байлгүй дээ хөөрхий.

Амьдралын асуудлууд мөн л хүндэрнэ. Гоё пүүзээ углаад цэвэрхэн хувцаслаж явахгүй бол нөгөө ангийн Сарнай намайг анзаарахгүй, 1 хичээл дээр дунд гарвал аав ээж хоёр намайг зуслан явуулахгүй, би Чука багшаар гуйлгаад хими дээрээ сайн болгуулчуул ч Сарнайгийн явах гэж байгаа зусланд би ч бас явна. Өнөөх чинь 2+2=4 өөс хэтрээд олон хувьсагчтай тооны хариу олох гэж байгаам шиг төрөл бүрийн томъёонд орлуулаад бодож гарч байгааз. Гоё…
Их сургуульд орлоо. Тоо бодох ч түвэгтэй болжийшүү. Тодорхойгүй юм бодуулна. Эцсийн хариу гарлаа гарлаа гэхэд явж явж үл мэдэгдэгч буюу үсгэн хариу гарна. Өнөөх нь Х /икс/. Цифрээ санаж эхэлнээ. Бурхан минь синус, косинус, тангс, катангс, логрифм, интеграл ойлгомжгүй нэр томъёо, яаж үүссэн нь мэдэгдэхгүй теоремууд. Би бодож учрыг нь олж чадна л даа. Гэхдээ нэгэнт бодогдоод ийм болчихсон юм чинь задалж толгойгоо гашилгаад яахийн. Үсэгнийх нь оронд өгөгдлүүдийг нь орлуулаал болоо. Эцсийн хариу гэхдээ үл мэдэгдэгч Икс. Аз болоход багшаар заалгуулаад шийдийг нь олчино.
Амьдралын асуудал гэж дурсаад ч хэрэггүй. Өглөө юм идэж гараагүй сая орсон хоёр паарыг яаж давж гарваа. Багш тэр олон хувьсагчтай үл мэдэгдэгчтэй трегнометрийн бодлогыг ямар томъёогоор орлуул гэчүү? Яджаахд утасны нэгж дуусцан байхад Сарнай мессеж бичээд орой кино үзий гээд байхийн Баагийгаас л нэгж зээлхээс. Оюутны үнэмлэх ломбарданд авдаг билүү? киноны мөнгө хаанаас олъё доо байз. ЭЗО-н Бие даалтаа өнөөдөр шивэхгүй бол маргааш лаборатори ажиллахгүй компьютер олдохгүй баларна. Дээд ангийхан байна уу гүй юу хийсэн бие даалтыг нь байвал аваад копидоод өгчий. Цэвээн багш ямар уншиж үзхийн биш. Болку бол паналдаад новширтол дүн гуйчий. Сургалтын албанаас төлбөр нэхээд байна аав ээж хоёр хэзээ мөнгө олж өгөх юм бол? Яаж аргалхуу?
Сургууль төгсөөд амьдралын олон тоо томъёонд хутгалдана. Тодорхойгүй олон үл мэдэгдэгчийг дандаа магадлалд дэвшүүлж бодно. Эцсийн хариу тодорхойгүй олон үл мэдэгдэгчтэй тэгштгэл. 51-с дээш эерэг хувьтай л гарч байвал миний хувьд хангалттай. Гүйлэгмэл, сэлгэмэлээ анхаарч байхгүй яав даа.
За байз хийсэн ажлаас маань ердөө л 8-хан сая төгрөгийн ашиг гарлаа. Даргад орж хэлүүл загнуулдийн болуу яадийн бол. Түрүүн ууртай харагдаж байсан. ӨӨ ашгүй тэнэг Золоо ирж явна эхэлж ороод навс загнуулаад гараад ирэхээр нь ороод явчъя. Адаглаад дарга уураа гаргачаад уужраад байжаах байлгүй. Энэ сарын төлөвлөгөө гэж нэхэх л байхдаа. Хийгээгүй юм чинь яахав дээ шагналт цалингаа л хусуулна биз одоо өнгөрсөн. Сүхээ ах нөгөө шахааны хэдэн юмнаасаа жоол юм өгнө гэсэн юмсан. Тэр паар халку байна гээд авч тависан халаагуур нь сард 40 мянгын тог идэж байхдаа яахав дээ яджаахд. Орой хүү өндгөн чиклад авчраарай гэсэн өнөөх нь хаана байдаг билээ. Тэрийг нь авах замаараа Очроогийн дэлгүүрээр дайраад муу найзтайгаа ганц юм хусчуул эхнэр загнадийн болуу яадийн бол. Нэг набор аваал инээгээл орохоос, алуул ч алаг……../бодлого үргэлжилсээр/
Амьдрал 2+2=4 шиг бол гоё