>Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаа ч
Бусад нь яах вэ, Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсахад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа

Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүй
Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд
Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь чиний найзууд
Гутарсан үед итгэл өгөх нь чиний найзууд
Задарч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд
Зангаа олохгүй төөрч явахад чамайг гээд ирэх нь чиний найзууд
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь чиний НАЙЗУУД юм шүү

М.Очирхуяг