>

Загатнаагүй ч гэлээ, миний гар
Заримуудад зориулж, ганц шүлэг бичилгүй горьгүй нь.
Замбараагүйдээ биш ч, энэ хорвоо
Зарим нэгэн юмсаар агуа их биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгүүлэгч ес байтап
Заримдаг хүн, ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ!
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадаагүй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт,
Өөчилж, муучилж, ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгүүр ганган явбал дээрд үзэж, «нударган» гэнэ,
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж, <<гуйлгачин>> гэнэ,
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ.
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгөө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгүй явж, уусан хүнийг архичин гэнэ!
Уу, ид! гэж зүгээр яваа хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана!
Авгайгаасаа саллаа! гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгүй, ганц бие явбал, өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуухад ярвалдаад хариу дуугардаггүй байж
Адилхан дуугүй зөрвөл их зан гаргалаа гэж уйлах шахна!
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно.
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргүүлж өгөхгүй,
Мөнгөгүй цагтаа уулзаад нэг нүдээр харахгүй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хүн бэ?
Гэм буруугүй хазгай гишгэдэггүй ариухан амьтан уу?
Гэвэл бас үгүй ээ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж тагнаж, ховлож хутгаж явахаас өөрийг сурсангүй
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж, бусдын талхыг үмхээчин
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь  
Заваан шүлэг, нэгийг бичлээ, хайран ч гар минь

                                                           Улаан уруулын будгийн Юу Кайнд зориулав.