>

Монголоо мэдэхгүй хүнийг ямар Монгол гэх вэ? Хүмүүн болж төрсөн Эх орон юугаа мэдэхгүй болбоос хил алхамагц, эсвэл харь холын хүнтэй ганц хоёрын зэрэг үг солимогц гууль нь цухуйж олны доог, амьтны инээд болдог бус уу!

        Ард түмний аугаа нь тоондоо бус түүнийг алдаршуулах билэг авъяастай хүн зоноор хэмжигддэг билээ. Иймээс өчүүхэн миний бие их бичгийн хүн Ванчинбалын Инжинашийн мэргэн үгсийг зээлдэн өчсү: <<…Олон судрыг шинжилж, гүйхэн мэдлийн хэрээр хүн ба газрын нэрийг эрж, өчүүхэн чадлын хэрээр цөлбөн бичиж, хуулан халахуйяа босон сууж, унтан хэвтэн бодолхийлэн санамжилж гарч орон, идэж уувч бичилхийлэн зурлаж үзээд бас үзнэ. Шинжлээд бас шинжилж … үг бадаг нь дарагдан үрэгдүүзэй хэмээн хянан хичээн нягталж, нарийвчилсныг хэлбэл үнэхээр үс цайж, царай атиран, мах турж, шөрмөс сунахад үхрсэн бөлгөө>>.
       Тэгэвч эцэст хүнд хэрэгтэй нэхэн сурвалжилж, хэлхэн  бүтээх учир урмас сэргэж, хөнгөн бийрийг хөшиж суусаар Монголын хамгийн хамгийн… хэмээх нэгэн бүлгийг цэгцэлсэн тул эрхэм та болгоон уншиж, оносныг баярын мишээлээр мялааж, алдсаныг үнэний гурамсан ташуураар нуулгүй илчлэх бизээ.

Нэгэн санаагаар 
Монголоо дээдлэе!

Сумъяагийн бага хүү Жамбалдорж үнэн.

(Монгол нууцын хэлхээ хоёрдугаар дэвтэрээс сийрүүлэн бичив.)