>Бяцхан гар, хөөрхөн нүүргийг минь та хэзээ ч хараагүй
Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй
Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй
Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй


Үл таних хүн мэт би танд санагдавч
Үнэхээр таныг дотороос чинь мэднэ би
Хараагүй юм чинь яахав гэж өөрийгөө бүү хуураач
Хамаг зүрхний чинь цохилт бүрийг би сонсодог.

Зовлон бүхнийхээ шалтгааныг намайг гэж бодоо юу
Жаргаж явах үедээ үүнийгээ та бодсон уу
Арилаад өгөхөд хамгийн амар нь би байгаа юу
Ариун хайр энэ тэр чинь үгүй болоо юу

Өсөрхөж хорсох шалтгаан танд байсан юм уу
Өөдгүй тэр залуу аав минь байсан юмуу
Тэжээж чадахгүй гэж хэн нэг нь хэлээ юу
Тэгээд намайг шууд золиосонд гаргаа юү.

Хашгираагүй гэж намайг та бодоо юу
Хашгирсан шүү ээжээ хамгийн чангаар
Өвдөөгүй гэж намайг та бодоо юу
Үхэл үнэрттэл өвдсөн шүү ээжээ.

Хайрлахгүй гэж намайг та сонгосон уу
Харин одоо сэтгэлд чинь юу үгүйлэгдэнэ вэ.
Санахгүй гэж намайг та голоо юу
Санаанд чинь үр чинь үргэлж байгаа ш дээ одоо.

Хамаг дэлхийг танд худалдаж аваад өгөхгүй ч
Харанхуй энэ амьдралд чинь инээмсэглэл болох байсан юм.
Өөрөөсөө өөр юуг ч хайрладаггүй сэтгэлд чинь
Өр зүрхийг чинь дэвтээх жаргал чинь байх байсан юм.

Эргэж хараад ч гайхуулах зүйлгүй амьдралд чинь
Ирээдүйд чинь гэрэлтэх Итгэл байх байсан юм
Эр бүхний өмнө үнээ алдсан өвөрт чинь
Энгэрийг чинь зөөллөх үр чинь байх байсан юм.

Цагийн аясаар гандаад өгөх царайнд чинь
Сэтгэлээс чинь гэрэлтэх үзэсгэлэн чинь байх байсан юм.
Цал буурал болоод амьдралаа дэнслэх цагт чинь
Зүрхийг чинь дүүргэх хайр чинь байх байсан юм аа.

Мөнгөнхэт