>

Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.

Цаг хугацаа … Бэлгэнд ирсэн ихэнх цэцэгс одоо өнгө өнгийн, өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй цэцэг гаргасан бөгөөд маш тэсвэртэйд тооцогддог Мөнхрөө цэцэг, “царай муут” Хөгнөлж хоёроос л цэцэг гарахгүй удлаа. Өглөө бүхэн эзэгтэй цэцгүүдээ арчилж услах бөгөөд дээрх хоёр цэцгийг хамгийн сүүлд усалсан болоод орхино. Нэгэн шөнө Мөнхрөө анхилуун үнэртэй олон жижиг цэцэг дэлгэлээ. Харин “царай муут” салхивчны бариулд хүртэл өндөр ургасан боловч цэцэг гаргахгүй л байлаа. Өглөө нь эзэгтэй Мөнхрөө цэцэглэсэн байхыг олж үзээд баярласан боловч Хөгнөлжийг тэгтэл урт ургасанд яагаад ч юм дургүй байв. Салхивч нээх гэтэл бариулаас ороосон иш нь саад болсон тул эзэгтэй “царай муутын” хоёр гурван ишийг хайчилж орхив.

Цаг хугацаа …
Өдөр хоногууд ар араасаа цуварсаар нэг сар, хоёр сар, гурван сар өнгөрлөө. Эзэгтэй өглөө бүр хуримын бэлгэнд ирсэн цэцгүүдээ харна. Баримагана цэцгээс сэтгэлийн таашаал, Бортголжоос баяр баясал, Мөнхрөөгөөс бол халуун дулаан мэдрэмж, Удумбараас эрч хүч олж авдаг мөртөө Хөгнөлжийг ингэтэл тэмүүлэн ургадагт нэг л дургүй байсан нь салхивч нээхэд саад болдогтой холбоогүй бололтой. Хөгнөлж ургасаар ахиад л салхивчны бариул хүртэл авирчээ. Гэхдээ өмнөх шигээ бариулыг сайтар ороосонгүй ердөө л тулсан төдий. Төмөр хайч гялалзан шилбээр нь ахиад л тайрч орхив. Бусад цэцгүүд сүүдэр туссан мэт болохыг эзэгтэй даанч олж харсангүй.

Өвөл анх нахиалсан болоод ч тэрүү “царай муут” сэрүүн цэнгэг агаар сэвэлзэх салхийг хүсэж, шархалсан иш нь хайраар дутаж байв. Гэвч эзэгтэй нөхөртөө аргадуулан энхрийлүүлж, халуунаар тэврүүлэх дуртай мөртлөө хүн цэцэг хоёул байгаль эхийн хүүхдүүд гэдгийг ойлгохгүй хэвээр.

Цаг хугацаа … Тэр хоёрын хуримын халуун шөнөөс хойш нэг жил өнгөрчээ. Эзэгтэй хөшигөө яран салхивчаа нээгээд эргэснээ гайхан зогтусав. Салхивчны бариулаас зуурчихдаг өнөөх Хөгнөлж … Тэр Хөгнөлжийг хараад хайч руу яарав. Царай муут дээшээ тэмүүлэхээ больжээ. Тэр гоёмсог саваа тойрон тэвэрч 2 метр гаруй урт ургажээ. Гэвч ямар ч цэцэг гаргасангүй. Эзэгтэй энэ удаа түүнээс ердөө төө хэртэйг л үлдээлээ. Гоёхон Хайтан, Тогосон сүүлт цэцгүүд Хөгнөлжийн уй зовлонг хуваалцах гэсэн шиг дэлбээгээ түүний арьсархаг навчин дээр унагалаа. Хэт хатуу хандах үед зовлонг даван туулах ёстой, маш тэсвэртэй Мөнхрөө цэцэг ч олон жижигхэн дэлбээгээр уйллаа. Цаг хугацаа л харин юуг ч үл тоох тул улиран өнгөрсөөр л байлаа.

Цаг хугацаа … Ахиад л өвөл болж цонхон цаана нэвсгэр цагаахан цас хаялавч Хөгнөлж түүнийг харах гэж өндийсөнгүй. Эзэгтэй түүнд арай илүү анхаарал хандуулах болсон ч тэрээр энэ урт хугацаанд ердөө хоёр төө л ургажээ. Уг нь ийм хугацаанд салхивчны бариулаас хэд хэд ороон хоёр метр гаруй урт ургачихсан байдагсан. Эзэгтэй түүний гоёмсог савыг арчиж байгаад хэд хэдэн газар цуурсан байхыг олж үзээд ихэд харамсан “хайран сайхан сав өөр цэцэг суулгасан бол дээр байж дээ” гэж бодов. Нөхөр нь тэр орой савны цуурхайгаар шороо нь асгарсан хэдэн навчийг гаргаж хаях тушаал буулгав. Ямар өндөрт тэмүүлэн ургадаг байсныг нөхөр нь нэг ч удаа хараагүй болохоор түүнд “царай муут” огтхон ч хайран биш байв.

Маргааш өглөө нь эзэгтэйг гарахад гадаа зөөлөн цагаан цас хаялж байлаа. Гэрийнхээ ойролцоо тоглоомын талбайд Хөгнөлжөө уутнаас гарган тавиад зайтайхан суугаад бодов. Бодолд дарагдан суусан эмэгтэйг цочтол орилов. Хөөх цэцэг… Жаалхүү гүйж очоод цуурсан савыг хагартал өшиглөлөө. Эзэгтэй сандлаасаа огло үсрэн босоход түүний царай ихэд цочирдон айж балмагдсан шинжтэй байв. Зөөлөн цас хаялсаар л. Цав цагаахан цасан дээр хар шороо цацагдаж, хар шороон дундаас цас мэт цагаан од мэт олон цэцэгс гэрэлтэнэ. Хөгнөлж үндэсээ хэрэн шороон дундуур тэмтэрсээр гоёмсог саваа цууртал ургасан байжээ. Эзэгтэйн амнаас “Дотогшоогоо ургачихаж, дотогшоогоо цэцэглэчихэж” гэсэн үг өөрийн эрхгүй унав. Цас мэт цагаахан цэцэгс өвлийн цэнгэг салхийг хөлөглөн нэг нэгээрээ нисэж будрах цасан ширхэгүүд дунд уусан замхрах нь удаан хүлээсэн эрх чөлөөгөө эдэлж байх шиг байлаа. Эзэгтэй нүүрээ даран асгартал уйллаа.

Б.Батзаяа