>

Хөмсөг хөлөн дээрх сорвио ор мөргүй арилгаад
Хөгширч буй үрчлээтэй арьсаа толигор сайхан болгоод
Өнгөө алдсан хуучин сэтгэлээ шилэн сав шиг арчиж өнгөлөөд
Өнөөдрөөс эхлээд бүх зүйлийг шив шинээр эхлэх юмсан

Толгойд эргэлдэх түмэн бодлыг хаа нэг тийш нь чулуудчихаад
Тоо томшгүй айдас асуудлуудаа тоос шиг гөвж хаячихаад
Цонхоо гялалзтал угааж ханын цаасаа солиод
Цоо шинээр бүр эхнээс нь амьдрах юмсан

Бичсэн шүлэг хэлсэн үгсээ бүгдийг нь түүж шатаагаад
Бүдэрсэн чулуу түшсэн модноосоо мөрөө цэвэрлэж уучлал гуйгаад
Ээрч тойрох зовлон шаналал ганцаардлыг тоох ч үгүй орхиод
Ээжийнхээ амгалан хэвлийгээс эргээд л нэг төрөх юмсан

Б.Батзаяа