>

Бороо оролгүй нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Бороо ямар сайхан юм бэ.

Цас оролгүй нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Цаг хугацаа ямар шидтэй юм бэ.

Нүдийг чинь харалгүй нэг сар
Хоёр сар
Гурван сар өнгөрлөө.
Инээд нулимсаар хүрээлүүлсэн ижил нь үгүй өнчрөл үү би? Эсвэл,
Дурсамж ганцаардлын дундах цаг хугацаа царайчилсан сэтгэл үү би?
Яагаад ч нэмэргүй цөхрөл тээсэн ядаж хариу нь олдохгүй асуулт уу би?

Бороо ороод нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Бороо ямар залхмаар юм бэ.

Цас ороод нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Цаг хугацаа ямар зэвүүн юм бэ.

Б.Батзаяа