>Шар хамба шиг толгод зээглэсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаа алхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм
Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан
Дэлхий үнэрлэсэн хяруунаар дүнсээ угзруут алхана
Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ

Нар Өглөө Дэрэм гурав насаараа ингэж л учирсан
Цэцэн вангийн хошууны хүний ганц хүү юм гэнэлээ
Цэцэгт хярааны дээсэнд харуулд зогсож байсан юм гэнэ лээ
Цэвэлдолгор эгчтэй залуудаа өнжиж хонож явсан юм гэнэлээ
Цэргийн дарга дагаад явчихаар нь өөртөө гомдсон юм гэнэ лээ
Холын хол сумнаас өнчнийг авч үрчилсэн
Хоршоо анх байгуулахад өөрөө элссэн Дэрмийг
Дүүрэн билэгтэй шинэлсэн шинийн нэгэн мэддэггүй юмаа
Дурдан гологдсон гоёлтой цэргийн наадам таньдаггүй юмаа
Гэхдээ цавьдар гоёхон хоймор бол
Хийморь нь явсан Дэрэм
Цаваг уугьсан халуундаа бол
Салхи нь явсан Дэрэм
Өргөмөл ганцхан охиндоо бол
Ижий нь болсон Дэрэм
Өрөөл ухаарахгүй тавиландаа бол
Эзэн нь болсон Дэрэм
Дэрмийн түшилцсэн нэгдэл жаран жилээ тэмдэглэж байхад
Дээлээ солиогүй өвгөн жаахан гэртээ халуунтай байсан
Хоршоо холбоо хөлөөв гурвыг
Хорвоо хэмээн туучсан гутал нь
Зуухныхаа дэргэд түрийгээ даахгүй
Зулгаараа санаа алдах шиг гунигтай байсан
Муу цагаар авсан одонгууд хурандаагийн цээжин дээр чихэлдэж болсон юм
Үнэнд ичсэн Дэрэмийн энгэр дээр үгүйдээ ганцхан гялайх нь яагаа вэ
Магтъя гэж магтаагүй ээ
Манай сумынхан мартдаггүй юм
Өрөвдъе гэж өрөвдөөгүй ээ
Өөрөө бодогдоод болдоггүй юм
Шар хамба шиг толгод зээглэсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаа алхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм
Буман шуудай гурил үүрсэн ч аз заяа минь гэж бодсон хоршооны Дэрэм
Бууж үдлэх цоохор замбуулинг алтан ширээ минь гэж залбирсан хорвоогийн Дэрэмээ
Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан
/Ш.Гүрбазар/