>

Цагаа олж төрөөгүй
Цагаач шиг төрсөн
Энэ заримдаг үеийхэн
Эцээхэн жаргаж үзээгүй байх гэж
Бидний тухай та нар минь
Битгий эндүүрч бодоорой


Өнгөрсөн хойно ойлгож
Өрөвдөж битгий ядаарай
Хамаг насаараа бид
Хангалуун жаргаагүй ч гэсэн
Зарим үеийхэн шиг тэгэж
Залхатлаа цэнгээгүй ч гэсэн
Ажлийн хүрэс шиг тоодгорхон
Аз жаргалыг амссан
Амссан жаргалаа чамлаагүй
Ахиад цааш нь горидоогүй
Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт
Жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд
Хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж
Илэрхий юуг хэлдэг юм болоо
Хүндтэй тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу
Үгүй дээ үгүй
Үүлэнд хэлбэр байдаггүй
Үйсанд ширхэг байдаггүй
Үнсэнд тоо байдаггүй
Усанд өнгө байдаггүй
Утаанд үнэ байдаггү
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгаль
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайнах бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амтатны сайхныг идэж
Өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй
Амар жимэр суухыг
Зарим нь жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл
Бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч хувьдаа
Буйдхан тэнэж явахыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл
Хүн тоохгүй унаатай
Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй
Амиа борлуулж суухыг
Алд биений жаргал гэнэ
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олнийг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйлхэж зарим нь зовлон гэнэ
Гэтэл
Халагдахаас айх сэтэргүй
Хавийхнийгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
Хал палгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхэлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим нь уйтгар гуниг гэнэ
Гэтэл
Амьдрал мэдэхгүй багачуудыг
Амрагаа болгож аваад
Ноолуулж эрхэлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ
Хэний нь зөв хэний нь бурууг
Хэлцэж тунгааж суух зав бидэнд байсангүй
Ай даа
Үхэж төрөхийн завсар дахь нас богинохон шиг
Үдэш олддог зав минь багахан байлаа л даа
Бүтэн өдрийн ажлаас
Бүрэнхий болоход бууж
Бүжигэнд гүйхийг оронд
Бүдүүн баараг хувцасаа өмсөж
Ирлэж амжаагүй хөрөөгөөрөө
Яртай мод мэрүүлнэ
Их гарын хувин дамнаж
Ярайсан очер дугаартай худагруу гүйнэ
Хувцасаа угааж хоолоо төхөөрнө
Хурал цуглааны шийдвэр уншина
Хувьд оногдсон цөөхөн цагийн
Хугацаа дуусч маргааштай золгоно
Хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичгийг судлахдаа
Зовлон гэж юу байсан болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус идэх талх шиг
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толины хуудаснаас холын удам минь
Нэмж зүдэрч олох болтугай
Энэ миний үеийхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсөн юм
Унахдаа дуулж төрөөгүй ээ
Уйлж төрсөн юм
Өргөс ихтэй энэ хорвоод
Өөрөө ч мэдэлгүй зовлон тоочсон нь тэр
Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардаг юм
Олон зууны олон олон үеийхэн
Олсноосоо олоогүй нь их ээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас нь ундарнам бэ
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу
Барагдах нь байтугай багассангүй
Гэтэл
Үндсийг нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт зовлонгоо ургуулж үржүүлж
Бие биеэндээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрсөн хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилж байна
Үстэй чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Гах халуун зун олны өмнө нэрэлхэж
Гангалж байж бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойссон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүт огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлон эдэлнэ
Унд хоол байсаар байтал
Тамхины утаа залгиж бохь зажилж
Авсанд ортлоо эрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочно
Хүсч өөрийг нь тоох нь битгий хэл
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй гэж
Элдэвээр зүхэн үлддэг
Түүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө баталж
Эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилж цамнадаг
Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрүүндээ үе удмаараа
Харгислуулан гашуун зовлон эдэлнэ
Төрсөн үрээ үг сөггүй эрхэлүүлж
Төрхигүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ хүмүүс минь
Хүсэл чинь их ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөж
Эртнээс эдүүгээ хүртэл та нар
Эрэг сондуул шиг нурсаар ирж дээ
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн та нар зовсоор байх юм уу
Хүний зовлонгийн үр үндэс болсон тэнэгүүд
Миний үед даанч олон байлаа даа