>Миний хүн санаа арван таван настай эхэлсэн юм
Уриагүй нарийн хатавчинд итгэлээ сандаалан сууж
Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа
Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амны зүвэйн сонсож
Хүн хүнээс хулмаганан амрагын дуу чагналаа

Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж
Хултай айрагны бидэрлүү хушуугаа хурдан дүрлээ
Намрын айраганд дүрсэн уруулын үзүүр чимчигнэнэ
Намайгаа гээд аялахаар ууцаар хүртэл жирвэлзэнэ
Нурмаагийн нүдээс ичсэн харц минь доошоо
Нуугдас хийгээд чагнасан амрагийн дуу дээшээ
Ичээд байгаа хирнээ догдлон сууж хоргодмоор
Эзгүй хээр газар ганцаараа дуулж хүртэл үзмээр
Насаа жаахан нэмээд цэрэгт түргэн явмаар
Нар хэдийнээ жаргасан ч гэртээ яаралгүй харимаар санагддаг байлаа
Тийм шүү хүн, хүн санаа төвхөнсөн бага насаа яасан мартаж чаддагүй юм бэ?
Ёстой л бүтээгүй бүхнийг мөрөөдөл орлодог гэдэг л энэ байх даа.
Манайх Өнгөтөд байхад танайх Өлзийт булагт зуссан
Намайг сургуулиас гарахад чамайг есдүгээр ангид оруулсан
Насаа нэмээд цэрэгт явахад чи үзэгдэхгүй байсан
Намайг нэг чөлөөгөөр ирэхэд чи үгүйлэхгүй байсан
Бид хоёр уулзалгүй найман жил болсон
Ажилаар нэг сумандаа очиход чи эзгүй байсан
Аймагаар нэг дайраад өнгөрхөн чи эмнэлэгт байсан
Би буцхад чи төрсөн бид хоёр уулзалгүй арван найман жил болсон
Сайртай гараас минь чихэр авалгүй чи удсан
Санаж байгаагаа хэлэж чадалгүй би алдсан…
Эрхийн эцэст ач зээгээ дагуулаад хоёуулаа өтөллөө
Энэ олон хоног бие биеээ харалгүй хорин таван жил болчохжээ
Таанын тасалсан цэцэг минь бут болтолоо ургасан байлгүй
Тал билүүний хэлтэрхий хутга ирлээд мөлийсөн байлгүй
Холын холоос бие биерүүгээ ачийнхаа тоглоомыг сарвайн
Хоёуулаа зүүдэндээ ч болов айл гэр болж тоглоъё л доо Хоролоо
Хонь хотолсон холбооноос ижийнхээ дуудахыг чагная
Хөтөл амссан моридоос эцгийнхээ ирэхийг хүлээе
Хоргол үнэртсэн дээлийн чинь хормой дээр жаахан сууя
Хонхорхой хацарыг чинь няслаж хоёуулаа ганцхан удаа муудая л даа
Өөр хүнтэй гэрэллээ гээд чи яахав явчих
Өө энэ хорвоог чинь мэдэхгүй биш гээд би ч яахав үлдье
Бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог юм битгий яв л даа Хорлоо
/Ш.Гүрбазар/